Тулах цэг-Ганцаардал
“Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн зураач Д.Дорждэрэм
Би
багадаа их ганцаардмал хүүхэд байв. Гурван дүүтэй байсан ч яаж ийж
байгаад л нэг газар очоод ганцаараа суучихдаг, хүүхдүүдтэй тэр бүр
тоглохгүй. Намайг тоохгүй байна гэж гөжүүдэлдэг байсан нь тэр ч юм уу.
Багаас хамт байсан тэр ганцаардал намайг уран бүтээлчийн зам руу
хөтөлсөн болов уу гэж би боддог. Дөрвөн настайдаа биеийнхээ талтай
тэнцэх хэмжээтэй морийг баримлын шавраар хийж билээ. Хүмүүс магтаж,
мундаг барималчин болох хүүхэд байна гээд л. Тэгэхэд өөрийгөө барималчин
юм байна гэж бодсоноо одоо ч санадаг. Зөвхөн зураг гэлтгүй, миний
баримал, инстоляци надаас төрсөн оюун санааны “хүүхдүүд”. Би түүнд
зориулж, тэрний, энэний төлөө гэж зурдаггүй. Миний бодлоор бүтээл
туурвина гэдэг жирэмсэн болохтой адил. Санаа эхлээд орж ирнэ, дотроо
бодож, боловсруулж удаан явна. Тэгээд нэг л өдөр дотроос тэсрэх мэт гарч
ирдэг. Хорвоо дээр байгаа бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой юм шиг
санагддаг. Бүтээлүүд маань надаас урган гарсан ч өөр өөрийн эзэн, орчин
нөхцөлтэй.
Азийн
орчин үеийн урлагийн музейд буй хэдэн баримал маань байх ёстой газраа
очсон гэж боддог. Би цөөнгүй бүтээлдээ аргаль, угалзийн эврийг
дүрсэлдэг. Эргэн тойрноо сайн ажиглавал хүмүүсийн дүр төрх, хөдөлгөөн
эсвэл зан араншингаас нь амьтанлаг шинжийг харж болно. Бид эвэргүй л
болохоос адилхан амьтан. Нөгөө талаас яривал тэдгээр нь цаг хугацааг
илэрхийлдэг. Тухайн амьтан том болж, өсөх тусам эвэр нь ургана. Эвэрний
эрчлээсүүд бол цаг хугацаа, дурсамжийн тойрог. Өөрөөр хэлбэл, хүний үзэж
туулсан зүйлс, өнгөрүүлсэн цаг хугацааг хэсэг хэсгээр нь сиди дээр
хууллаа гэхэд том цомог болно доо. Тэр бүгдийг зэрэгцүүлээд тавибал яг л
эвэрний эрчлээс шиг харагдана. Миний ихэнх бүтээлийн гол сэдэв бол цаг
хугацааны хэлхээс, дурсамж. Сүүлийн үед Монголд контемпорари буюу орчин
үеийн урлаг эрчимтэй хөгжиж байна. Миний өвөөгийн амьдарч байсан үеийг
одоотой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Хэрэглээний төвшнээс
эхлээд хү мүүсийн үзэл бодол, сэтгэлгээ нь тэс өөр. Ийм нөхцөлд
контемпорари урлаг орших нь зайлшгүй. Гаднаас нь хараад гарын үзүүрээр
хийчихмээр, эсвэл баахан хог новш овоолчихож байна гэж ойлгодог хүмүүс
үзэгчдийн төдийгүй бидний дотор ч байх юм.
Яах вэ, хэлбэрдэгч нөхдийн хийе, бүтээе гэсэн санаа нь сайхан ч нийгэмд үзүүлж буй уршиг нь хайран. Тэд урлаг бол энэ гээд бүтээлээ үзүүллээ гэхэд бусад хүмүүс урлагийг түүгээр нь л хүлээн авна шүү дээ. Байшингийн суурийг нь цутгаагүй байж ханыг нь босгохтой л адил. Гэхдээ тэднийг үнэлэх, дүгнэх нь шүүмжлэгч, судлаачдын ажил. Урлаг гэж ийм юм байдаг, энэ нь жинхэнэ, тэр бол хэлбэрдэгч гэдгийг урлаг шүүмжлэгчид л бичнэ. Ингэснээр олон нийтэд ч зөв ойлголт төлөвшинө. Уран бүтээлч хүний түүх түүний бүтээлүүд нь. Жинхэнэ бүтээлийн үндэс ганцаардал ч байж болох тухай би боддог болосн. Хүн угаасаа л ганцаардмал амьтан. Чи эхийнхээ хэвлийд 10 сар ганцаараа байж байгаад ирсэн. Ганцаараа буцаад явна. Амьдрал дээр ч ганцаараа. Учир нь чи бол ганц хувь, хэзээ ч дахин давтагдашгүй. Зарим хүн ганцаардлаас айдаг гэж ярьдгийг би лав ойлгодоггүй. Бас сөрөг мэдрэмжтэй холбоотой гэж ч бодохгүй байна. Магадгүй өөрийгөө олох, аливааг танин мэдэх тулах цэг нь ганцаардал байж ч болох юм.
No comments:
Post a Comment